2013-07-10

Н.МАНИБАЗАР: БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГЭЭ ГАДААДЫНХАНД ТАНИУЛЖ ЧАДСАНЫ ИЛРЭЛ НЬ ТЭР 5000 АМ.ДОЛЛАР

2013-07-08 11:02:00
1990 онд цагийн шуурганд нэгэн тээ устах дөхөөд сэргэсэн Ботаникийн цэцэрлэгийг эрх мэдэлтнүүд дахин мөхөөхөөр санаархав. Тиймээс энэ цэцэрлэгийн ач тусыг хүмүүст ойлгуулах үүднээс ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн дарга асан Н.Манибазартай уулзаж ярилцлаа.
-Ботаникийн цэцэрлэгийг яагаад заавал Амгаланд байгуулсан юм бэ?
-Ботаникийн цэцэрлэгийг анх 1961 онд одоогийн РЦНК (Оросын соёл, шинжлэх ухааны төв) байрлаж байгаа газарт байгуулсан ч 1972 онд “Найрамдал” парк гэж нэрлээд 1973 онд Амгаланд шинээр Ботаникийн цэцэрлэг байгуулсан юм. Одоо Ботаникийн цэцэрлэг байгаа газарт хятадууд ногоо тарьдаг байлаа. Зүүн талдаа булагтай, хятадууд тэр булгаас шуудуу татан, ногоогоо усалдаг. Булгийн ус бүлээн учраас туршилтаар тарьж, ургуулж буй мод, цэцэг, зүлэг услахад тохиромжтой гэж тэр газрыг сонгосон түүхтэй. Булгийн ус нь цэцэрлэгийн урдуур нэг салаа, дундуур нь хоёр салаалж урсдаг. Одоо тэнд шүүх, прокурорын барилга барих гэж байгаа бололтой. Булгийг нь сэргээж, урсацыг нь сайжруулан, Ботаникийн цэцэрлэгийг өөд татах ёстой болохоос тэнд барилга барьж болохгүй. Булагтай гэдэг чинь газрын гүндээ усны судалтай гэсэн үг. Ботаникийн цэцэрлэгийн амин судас нь юм шүү дээ.
-Ботаникийн цэцэрлэгтэй улс дэлхийд хэр олон байдаг бол?
-Ийм цэцэрлэгтэй орон тийм ч олон биш шүү. Тэгэхэд манайх ийм цэцэрлэг байгуулсан. Үүгээрээ бахархах ёстой. Дэлхийн ботаникийн цэцэрлэгүүдийн түүхийг харахад анх хааны цэцэрлэгийн зориулалтаар байгуулагдаад аажмаар туршилт, эрдэм шинжилгээ явуулдаг, хот байгуулалттай холбоотой болж хувирсан байдаг. Манай улсын эрх мэдэлтнүүд Ботаникийн цэцэрлэг ямар хэрэгтэйг мэдэхгүй учраас л газрыг нь авах гэж байгаа юм. Түүнээс мэддэг бол ингэхгүй л дээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэж сайхан цэцэрлэг байгуулахад санаа тавьж яваа нь сайшаалтай. Тэр нь иргэдийг зугаалуулдаг газар болохоос Ботаникийн цэцэрлэг шиг эрдэм шинжилгээ, туршилт судалгаа хийдэг, соёл, гэгээрлийн зориулалттай эд биш.
-Тэр үед энэ чиглэлийн мэр гэжилтэн байсан уу?
-Мэргэжлийн хүн цөөн байсан. Голдуу аж ахуйн чиглэлийн хүмүүсийн хүчээр байгуулсан. Банзрагч дарга ухаантай хүн болохоор мэргэжлийн нэлээд хэдэн цэцэрлэгч бэлтгэчихсэн байсан юмдаг. Тэд их нэмэр болсон. Оросын ботаникийн цэцэрлэгийн мэргэжилтнүүд анхнаас нь зөвлөгөө өгсөн. Б.Ширэндэв гуай 1980 онд ШУА-ийн бүх ажилтныг дайчилж, тэр цэцэрлэгт мод тариулсан. Тэр үед ШУА 1000-аад ажилтантай байв. Гэтэл тэр жил ган болж, булгийн ус татран, өнөө моддын нэлээд нь хатсан. Тэр үед усалгааны систем байсан биш. Хүмүүс “Мод яагаад үхэв” гэж хэл ам хийгээд, Ардын хянан шалгах хорооноос шалгалт ирж, би дээлээ нөмрөхдөө туллаа. Шалгалтынхан байдлыг нүдээрээ хараад надад хариуцлага тооцох биш, харин ч тусалж, усалгааны машин хүртэл өгсөн дөө.
-Уг нь дэлхийн ботаникийн цэцэрлэг үүдийн жишгээр байгуу лахаар зураг төсөл хүртэл хийсэн юм билээ.
-Тэгэлгүй яахав. Ботаникийн хү рээлэнгийн захирал Банзрагч 1972 онд Ботаникийн цэцэрлэгийг цэцэрлэг шиг цэцэрлэг болгох юмсан гэж их санаа тавьж, “Гадаадын ботаникийн цэцэрлэгүүд шиг үр хадгалах, туршилт явуулах зориулалтын барилгатай, том талбайтай байгуулах хэрэгтэй. Тэгэхийн тулд тусгай зураг төсөл гаргах шаардлагатай” гэж ярьдаг байв. Би тэр үед Ботаникийн хүрээлэнгийн орлогч захирал байсан. Банзрагч даргыг 1979 оны сүүлчээр Орос явахад би ажлыг нь авлаа. Тэгээд ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэндэв гуайтай уулзаад Банзрагч даргын ярьдаг байсан зүйлийг хэлэхэд “Дэмжинэ, санаа зоволтгүй” гэлээ. Ширэндэв гуай “Сайн байна уу” гэхээсээ цэцэрлэгийн талаар асуудаг байсан хүн. Ингээд ШУА-иас Ботаникийн цэцэрлэгийн зураг төсөл гаргах мэргэжлийн баг бүрдүүлж, Оросын ботаникийн цэцэрлэгийн мэргэжилтэн гурав, дөрвөн хүн ирж зөвлөгөө өглөө. Тэр үед манайд Хөдөө аж ахуйн барилгын институт гэж лут байгууллага байлаа. Тэднийх үүнд тусалсан.
-Ботаникийн цэцэрлэг мөнгө олдог байсан уу?
-Ботаникийн цэцэрлэг байгуу ла хын зэрэгцээ гадаадын ижил байгууллагуудтай харилцаж ирсэн. Монгол Улс Ботаникийн цэцэрлэг байгуулж байна гээд Чех, Герман, Хятадаас эхлээд гадаадынхан их дэмжиж, “Танай оронд манай ийм ургамал нутагших боломжтой. Туршаад үз” гээд үр, танилцуулга өгдөг, манайхаас авдаг болсон. Тэр үед л манайх зөвхөн мод, цэцэг тарьдаг газар биш, жинхэнэ ботаникийн цэцэрлэг болсон доо. Ажилтнуудынхаа нэг жилийн цалинтай тэнцэх мөнгийг манайх өөрийн үйл ажиллагаагаараа олдог байсан. Одоо Ботаникийн цэцэрлэгийн төсөв бага, санхүүжилт авч чадахгүй байгаа нь ШУА-ийн буруу. Тэр үед ЮНЕСКО манайд 5000 ам.доллар өгч байсан удаатай.
-5000 ам.доллар гэнэ ээ?
-Ботаникийн цэцэрлэгээ гадаадынханд таниулж чадсаны илрэл нь тэр 5000 ам.доллар. 1990 онд Ботаникийн цэцэрлэгээ мөхлийн ирмэгт аваачаагүй бол гадаадынхан тэр байтугай туслах байсан биз. Тэр үед овоо мөнгө шүү.
-Их мөнгө байлгүй яахав. Түүнийг юунд зарцуулсан бэ?
-Мэдэхгүй. Гадаад яамнаас сүүлд нь тэр мөнгийг “ШУА тооцоондоо тусгаагүй байна” гэж асуудал үүсгэсэн гэсэн. Хэн нэг нь л халаасалсан бололтой юм билээ.
-Халуун орны ургамал хүртэл тарьж байсан гэсэн. Хаана, яаж ургуулдаг байсан юм бэ?
-Ногооны газрын хуучин хүлэмжийг өвөл уураар халаадаг боллоо. Түүний дүнд Ботаникийн цэцэрлэгийг жилийн турш амьд ургамалтай байлгаж, туршилтаа тасралтгүй хийж ирсэн. Хүлэмжээ халаах гэж нэлээд юм болно. Шөнө “Дарга аа, нүүрс дуусах нь, яах вэ” гээд утасдана. Тэгэхээр нь Нүүрсний газрын дарга руу утасдаад нүүрс гуйна. Хотын байгууллагууд бүгд л манайд эрвийх дэрвийхээрээ тусалдаг, хөхөө өвлийн хүйтэн шөнөөр нүүрс буулгуулдаг л байсан даа. Тэгсний хүчээр бид далд хөрсний ургамал хүртэл тарьдаг болсон. Мексикийн булан гэж одоо Ботаникийн цэцэрлэгийн баруун талд нийслэлийн ЗДТГ-ынхны сургууль, цэцэрлэг барих гээд байгаа газарт байгуулж, хүлэмжид төрөл бүрийн кактус тарьсан.
-Энэ цэцэрлэг одоогийнх шиг устахдаа тулж байсан удаатай гэсэн. Юу болсон юм бэ. Яаж аврав?
-Дамбадаржаад Дендрари (Модлог ургамлын цэцэрлэг) гэж байсан. 30 орчим мянган модтой, тэр том цэцэрлэгийг Багшийн дээд сургуулийн оюутнуудын хүчээр байгуулсан. Ботаникийн цэцэрлэгийг Дендраригийн хавсарга болгох гэж Улс төрийн товчооны гишүүн Майдар тэргүүтэй хүмүүс бужигнуулсан. Биднийг Ботаникийн цэцэрлэгийг яаж байгуулсныг мэдсээр байж тийм юм хийсэн дээ. Уг нь Дендрариг Ботаникийн цэцэрлэгт нэгтгэвэл зохистой. Ингэж байтал Цэдэнбал Филатова, Майдар дарга, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Цэгмид нар давхиж ирлээ. Цэдэнбал Филатова, Майдар дарга хоёр намайг загнаад л, Намын төв хорооны Адъяа дарга сандраад л байдаг. Цэгмид гуай “Би хэлдгээ хэлчихсэн” гээд дуугардаггүй. Ботаникийн цэцэрлэгийг Дендраригийн хавсарга болгож болохгүй гээд өмнө нь хэлчихсэн байсан юм. Тэгж байтал Адъяа дарга “Ботаникийн цэцэрлэг гадаадын ямар байгууллагуудтай харилцаатай билээ” гэж надаас асууж байна. Ха риултыг маань сонсоод нөгөө хоёр арай зөөлөрсөн. Тэгтэл Рагчаа дарга давхиад ирлээ. Нөгөөдүүл ч яваад өгсөн. Рагчаа дарга намайг “Миний өрөөнд очоорой” гэлээ. Тэр өдөртөө яваад очтол “Чи Ботаникийн цэцэрлэгийг шарилжинд бариулсан байна, юу хийдэг хүн бэ” гэж донгодлоо. Би “Мод байгалийн жамаараа ургаагүй, ургуулж байгаа учраас шарилж ургах нь аргагүй” гэж хэлээд загнуулсан. Тэгээд Рагчаа дарга надад трактор олгохоор болов. Би Ботаникийн цэцэрлэгт буцаж ирэнгүүтээ түрдэг трактортой хүн гуйгаад шарилж хусуулж байтал Рагчаа дарга араас ирж “Чи хэлэнгүүт хийж байна уу” гэчихээд явсан. Түүний дараа Майдар даргын өрөөнд Улс төрийн товчооны гишүүд цуглаж, Ботаникийн цэцэрлэгийн асуудлыг хэлэлцлээ. Манай ШУАийн намын үүрийн дарга танилцуулга хийхдээ нэлээд бүтэлгүй юм ярьчихлаа шүү. Тэгэхээр нь “Би энэ талаар жаахан нэмж ярьж болох уу” гэж зориглоод асуутал “Товч яриарай” гэж байна. Сүүлд хүмүүс намайг 40 орчим минут ярьсан гэж хэлсэн л дээ. Тэгтэл Майдар дарга “ШУА-ийн зарим гишүүн л Ботаникийн цэцэрлэгийг Дендрарид нэгтгэх нь зөв гэж ярьсан шүү” гэж байна. Салхи хаанаас үлээнэ, тийшээ ханардаг хүмүүс тэр үед ч байсан. Тэд л Майдар даргын санааг мэдчихээд дагаж туйлшраад бөөн асуудал дэгдээсэн хэрэг. Энэ мэтээр жаахан хазайхад л түлхчих гээд байсан хүн, байгууллага зөндөө.
-Тэгээд Ботаникийн цэцэрлэгийг Дендраригийн хавсарга болгохоо больсон уу?
-Бал (Цэдэнбал) даргатай ойр байдаг нэг хүнд “Зураг төсөл нь бэлэн болоод байтал ийм юм боллоо” гээд хэлчихсэн байсан юм. Дээрх явдлуудын дараа Бал дарга манай цэцэрлэгт ирж, танилцаад “Бүтээн байгуулалтын ажлаа VII таван жилийн төлөвлөгөөнд оруул” гэлээ. Би ч баярласан гэж жигтэйхэн. Бид хэрэгтэй юм байгуулж байсан учраас Цэдэнбал дарга хүртэл дэмжсэн.
-Ботаникийн цэцэрлэгийг тэр үед ийм байгаагүй, их сайхан байсан гэх юм билээ.
-Энэ цэцэрлэгийг анх 32 га талбайд байгуулахдаа цаашид талбайг нь 120 га болгож өргөжүүлнэ гэсэн зорилттой байсан юм. Цаг үеийн байдлаас болоод өргөжүүлж чадаагүй. Тэр бүү хэл одоо 32 га газраа алдахад хүрээд байна шүү дээ. Ботаникийн цэцэрлэгийн ажилтнуудын зүтгэлийг хэн ч үнэлдэггүй болохоос ямар сайхан цэцэрлэг болгосон байсан гээч. Цэцэрлэгийн талбайг тойруулаад хусан зурвас, түүний дотор талд хуайсан зурвас байгуулсан. Хашаа ч хэрэггүй. Тэр зурвасыг хүн давж орж чаддаггүй байсан юм. Одоо тэр нь байхгүй. Зүүн талд цөөн хэдэн нарс, улиас л үлджээ. Ботаникийн цэцэрлэг гэдэг амралт зугаалгын парк байгуулахтай адил ажил биш. Ийм том зүйл бүтээн байгуулахад алдах, онох зүйл бишгүй л гарна. Өмнө нь нэг удаа устгах дөхсөн энэ цэцэрлэгт дахиад ийм зүйл тохиолдож байна. Эрх баригчид учрыг нь ойлгож, таньж мэдээд ирвэл устгана гэхгүй, тусалъя гэх учиртай. Тэдэнд төдийгүй ард иргэдэд ойлгуулж, таниулах хэрэгтэй.