2015-07-17

Лондонгоос  суурьшихаар ирж байгаа Чингис хааны хөшөөтэй компьютерийн дэлгэцний зураг хийж татахаар байршууллаа.

2013-07-10

Н.МАНИБАЗАР: БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГЭЭ ГАДААДЫНХАНД ТАНИУЛЖ ЧАДСАНЫ ИЛРЭЛ НЬ ТЭР 5000 АМ.ДОЛЛАР

2013-07-08 11:02:00
1990 онд цагийн шуурганд нэгэн тээ устах дөхөөд сэргэсэн Ботаникийн цэцэрлэгийг эрх мэдэлтнүүд дахин мөхөөхөөр санаархав. Тиймээс энэ цэцэрлэгийн ач тусыг хүмүүст ойлгуулах үүднээс ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн дарга асан Н.Манибазартай уулзаж ярилцлаа.
-Ботаникийн цэцэрлэгийг яагаад заавал Амгаланд байгуулсан юм бэ?
-Ботаникийн цэцэрлэгийг анх 1961 онд одоогийн РЦНК (Оросын соёл, шинжлэх ухааны төв) байрлаж байгаа газарт байгуулсан ч 1972 онд “Найрамдал” парк гэж нэрлээд 1973 онд Амгаланд шинээр Ботаникийн цэцэрлэг байгуулсан юм. Одоо Ботаникийн цэцэрлэг байгаа газарт хятадууд ногоо тарьдаг байлаа. Зүүн талдаа булагтай, хятадууд тэр булгаас шуудуу татан, ногоогоо усалдаг. Булгийн ус бүлээн учраас туршилтаар тарьж, ургуулж буй мод, цэцэг, зүлэг услахад тохиромжтой гэж тэр газрыг сонгосон түүхтэй. Булгийн ус нь цэцэрлэгийн урдуур нэг салаа, дундуур нь хоёр салаалж урсдаг. Одоо тэнд шүүх, прокурорын барилга барих гэж байгаа бололтой. Булгийг нь сэргээж, урсацыг нь сайжруулан, Ботаникийн цэцэрлэгийг өөд татах ёстой болохоос тэнд барилга барьж болохгүй. Булагтай гэдэг чинь газрын гүндээ усны судалтай гэсэн үг. Ботаникийн цэцэрлэгийн амин судас нь юм шүү дээ.
-Ботаникийн цэцэрлэгтэй улс дэлхийд хэр олон байдаг бол?
-Ийм цэцэрлэгтэй орон тийм ч олон биш шүү. Тэгэхэд манайх ийм цэцэрлэг байгуулсан. Үүгээрээ бахархах ёстой. Дэлхийн ботаникийн цэцэрлэгүүдийн түүхийг харахад анх хааны цэцэрлэгийн зориулалтаар байгуулагдаад аажмаар туршилт, эрдэм шинжилгээ явуулдаг, хот байгуулалттай холбоотой болж хувирсан байдаг. Манай улсын эрх мэдэлтнүүд Ботаникийн цэцэрлэг ямар хэрэгтэйг мэдэхгүй учраас л газрыг нь авах гэж байгаа юм. Түүнээс мэддэг бол ингэхгүй л дээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэж сайхан цэцэрлэг байгуулахад санаа тавьж яваа нь сайшаалтай. Тэр нь иргэдийг зугаалуулдаг газар болохоос Ботаникийн цэцэрлэг шиг эрдэм шинжилгээ, туршилт судалгаа хийдэг, соёл, гэгээрлийн зориулалттай эд биш.
-Тэр үед энэ чиглэлийн мэр гэжилтэн байсан уу?
-Мэргэжлийн хүн цөөн байсан. Голдуу аж ахуйн чиглэлийн хүмүүсийн хүчээр байгуулсан. Банзрагч дарга ухаантай хүн болохоор мэргэжлийн нэлээд хэдэн цэцэрлэгч бэлтгэчихсэн байсан юмдаг. Тэд их нэмэр болсон. Оросын ботаникийн цэцэрлэгийн мэргэжилтнүүд анхнаас нь зөвлөгөө өгсөн. Б.Ширэндэв гуай 1980 онд ШУА-ийн бүх ажилтныг дайчилж, тэр цэцэрлэгт мод тариулсан. Тэр үед ШУА 1000-аад ажилтантай байв. Гэтэл тэр жил ган болж, булгийн ус татран, өнөө моддын нэлээд нь хатсан. Тэр үед усалгааны систем байсан биш. Хүмүүс “Мод яагаад үхэв” гэж хэл ам хийгээд, Ардын хянан шалгах хорооноос шалгалт ирж, би дээлээ нөмрөхдөө туллаа. Шалгалтынхан байдлыг нүдээрээ хараад надад хариуцлага тооцох биш, харин ч тусалж, усалгааны машин хүртэл өгсөн дөө.
-Уг нь дэлхийн ботаникийн цэцэрлэг үүдийн жишгээр байгуу лахаар зураг төсөл хүртэл хийсэн юм билээ.
-Тэгэлгүй яахав. Ботаникийн хү рээлэнгийн захирал Банзрагч 1972 онд Ботаникийн цэцэрлэгийг цэцэрлэг шиг цэцэрлэг болгох юмсан гэж их санаа тавьж, “Гадаадын ботаникийн цэцэрлэгүүд шиг үр хадгалах, туршилт явуулах зориулалтын барилгатай, том талбайтай байгуулах хэрэгтэй. Тэгэхийн тулд тусгай зураг төсөл гаргах шаардлагатай” гэж ярьдаг байв. Би тэр үед Ботаникийн хүрээлэнгийн орлогч захирал байсан. Банзрагч даргыг 1979 оны сүүлчээр Орос явахад би ажлыг нь авлаа. Тэгээд ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэндэв гуайтай уулзаад Банзрагч даргын ярьдаг байсан зүйлийг хэлэхэд “Дэмжинэ, санаа зоволтгүй” гэлээ. Ширэндэв гуай “Сайн байна уу” гэхээсээ цэцэрлэгийн талаар асуудаг байсан хүн. Ингээд ШУА-иас Ботаникийн цэцэрлэгийн зураг төсөл гаргах мэргэжлийн баг бүрдүүлж, Оросын ботаникийн цэцэрлэгийн мэргэжилтэн гурав, дөрвөн хүн ирж зөвлөгөө өглөө. Тэр үед манайд Хөдөө аж ахуйн барилгын институт гэж лут байгууллага байлаа. Тэднийх үүнд тусалсан.
-Ботаникийн цэцэрлэг мөнгө олдог байсан уу?
-Ботаникийн цэцэрлэг байгуу ла хын зэрэгцээ гадаадын ижил байгууллагуудтай харилцаж ирсэн. Монгол Улс Ботаникийн цэцэрлэг байгуулж байна гээд Чех, Герман, Хятадаас эхлээд гадаадынхан их дэмжиж, “Танай оронд манай ийм ургамал нутагших боломжтой. Туршаад үз” гээд үр, танилцуулга өгдөг, манайхаас авдаг болсон. Тэр үед л манайх зөвхөн мод, цэцэг тарьдаг газар биш, жинхэнэ ботаникийн цэцэрлэг болсон доо. Ажилтнуудынхаа нэг жилийн цалинтай тэнцэх мөнгийг манайх өөрийн үйл ажиллагаагаараа олдог байсан. Одоо Ботаникийн цэцэрлэгийн төсөв бага, санхүүжилт авч чадахгүй байгаа нь ШУА-ийн буруу. Тэр үед ЮНЕСКО манайд 5000 ам.доллар өгч байсан удаатай.
-5000 ам.доллар гэнэ ээ?
-Ботаникийн цэцэрлэгээ гадаадынханд таниулж чадсаны илрэл нь тэр 5000 ам.доллар. 1990 онд Ботаникийн цэцэрлэгээ мөхлийн ирмэгт аваачаагүй бол гадаадынхан тэр байтугай туслах байсан биз. Тэр үед овоо мөнгө шүү.
-Их мөнгө байлгүй яахав. Түүнийг юунд зарцуулсан бэ?
-Мэдэхгүй. Гадаад яамнаас сүүлд нь тэр мөнгийг “ШУА тооцоондоо тусгаагүй байна” гэж асуудал үүсгэсэн гэсэн. Хэн нэг нь л халаасалсан бололтой юм билээ.
-Халуун орны ургамал хүртэл тарьж байсан гэсэн. Хаана, яаж ургуулдаг байсан юм бэ?
-Ногооны газрын хуучин хүлэмжийг өвөл уураар халаадаг боллоо. Түүний дүнд Ботаникийн цэцэрлэгийг жилийн турш амьд ургамалтай байлгаж, туршилтаа тасралтгүй хийж ирсэн. Хүлэмжээ халаах гэж нэлээд юм болно. Шөнө “Дарга аа, нүүрс дуусах нь, яах вэ” гээд утасдана. Тэгэхээр нь Нүүрсний газрын дарга руу утасдаад нүүрс гуйна. Хотын байгууллагууд бүгд л манайд эрвийх дэрвийхээрээ тусалдаг, хөхөө өвлийн хүйтэн шөнөөр нүүрс буулгуулдаг л байсан даа. Тэгсний хүчээр бид далд хөрсний ургамал хүртэл тарьдаг болсон. Мексикийн булан гэж одоо Ботаникийн цэцэрлэгийн баруун талд нийслэлийн ЗДТГ-ынхны сургууль, цэцэрлэг барих гээд байгаа газарт байгуулж, хүлэмжид төрөл бүрийн кактус тарьсан.
-Энэ цэцэрлэг одоогийнх шиг устахдаа тулж байсан удаатай гэсэн. Юу болсон юм бэ. Яаж аврав?
-Дамбадаржаад Дендрари (Модлог ургамлын цэцэрлэг) гэж байсан. 30 орчим мянган модтой, тэр том цэцэрлэгийг Багшийн дээд сургуулийн оюутнуудын хүчээр байгуулсан. Ботаникийн цэцэрлэгийг Дендраригийн хавсарга болгох гэж Улс төрийн товчооны гишүүн Майдар тэргүүтэй хүмүүс бужигнуулсан. Биднийг Ботаникийн цэцэрлэгийг яаж байгуулсныг мэдсээр байж тийм юм хийсэн дээ. Уг нь Дендрариг Ботаникийн цэцэрлэгт нэгтгэвэл зохистой. Ингэж байтал Цэдэнбал Филатова, Майдар дарга, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Цэгмид нар давхиж ирлээ. Цэдэнбал Филатова, Майдар дарга хоёр намайг загнаад л, Намын төв хорооны Адъяа дарга сандраад л байдаг. Цэгмид гуай “Би хэлдгээ хэлчихсэн” гээд дуугардаггүй. Ботаникийн цэцэрлэгийг Дендраригийн хавсарга болгож болохгүй гээд өмнө нь хэлчихсэн байсан юм. Тэгж байтал Адъяа дарга “Ботаникийн цэцэрлэг гадаадын ямар байгууллагуудтай харилцаатай билээ” гэж надаас асууж байна. Ха риултыг маань сонсоод нөгөө хоёр арай зөөлөрсөн. Тэгтэл Рагчаа дарга давхиад ирлээ. Нөгөөдүүл ч яваад өгсөн. Рагчаа дарга намайг “Миний өрөөнд очоорой” гэлээ. Тэр өдөртөө яваад очтол “Чи Ботаникийн цэцэрлэгийг шарилжинд бариулсан байна, юу хийдэг хүн бэ” гэж донгодлоо. Би “Мод байгалийн жамаараа ургаагүй, ургуулж байгаа учраас шарилж ургах нь аргагүй” гэж хэлээд загнуулсан. Тэгээд Рагчаа дарга надад трактор олгохоор болов. Би Ботаникийн цэцэрлэгт буцаж ирэнгүүтээ түрдэг трактортой хүн гуйгаад шарилж хусуулж байтал Рагчаа дарга араас ирж “Чи хэлэнгүүт хийж байна уу” гэчихээд явсан. Түүний дараа Майдар даргын өрөөнд Улс төрийн товчооны гишүүд цуглаж, Ботаникийн цэцэрлэгийн асуудлыг хэлэлцлээ. Манай ШУАийн намын үүрийн дарга танилцуулга хийхдээ нэлээд бүтэлгүй юм ярьчихлаа шүү. Тэгэхээр нь “Би энэ талаар жаахан нэмж ярьж болох уу” гэж зориглоод асуутал “Товч яриарай” гэж байна. Сүүлд хүмүүс намайг 40 орчим минут ярьсан гэж хэлсэн л дээ. Тэгтэл Майдар дарга “ШУА-ийн зарим гишүүн л Ботаникийн цэцэрлэгийг Дендрарид нэгтгэх нь зөв гэж ярьсан шүү” гэж байна. Салхи хаанаас үлээнэ, тийшээ ханардаг хүмүүс тэр үед ч байсан. Тэд л Майдар даргын санааг мэдчихээд дагаж туйлшраад бөөн асуудал дэгдээсэн хэрэг. Энэ мэтээр жаахан хазайхад л түлхчих гээд байсан хүн, байгууллага зөндөө.
-Тэгээд Ботаникийн цэцэрлэгийг Дендраригийн хавсарга болгохоо больсон уу?
-Бал (Цэдэнбал) даргатай ойр байдаг нэг хүнд “Зураг төсөл нь бэлэн болоод байтал ийм юм боллоо” гээд хэлчихсэн байсан юм. Дээрх явдлуудын дараа Бал дарга манай цэцэрлэгт ирж, танилцаад “Бүтээн байгуулалтын ажлаа VII таван жилийн төлөвлөгөөнд оруул” гэлээ. Би ч баярласан гэж жигтэйхэн. Бид хэрэгтэй юм байгуулж байсан учраас Цэдэнбал дарга хүртэл дэмжсэн.
-Ботаникийн цэцэрлэгийг тэр үед ийм байгаагүй, их сайхан байсан гэх юм билээ.
-Энэ цэцэрлэгийг анх 32 га талбайд байгуулахдаа цаашид талбайг нь 120 га болгож өргөжүүлнэ гэсэн зорилттой байсан юм. Цаг үеийн байдлаас болоод өргөжүүлж чадаагүй. Тэр бүү хэл одоо 32 га газраа алдахад хүрээд байна шүү дээ. Ботаникийн цэцэрлэгийн ажилтнуудын зүтгэлийг хэн ч үнэлдэггүй болохоос ямар сайхан цэцэрлэг болгосон байсан гээч. Цэцэрлэгийн талбайг тойруулаад хусан зурвас, түүний дотор талд хуайсан зурвас байгуулсан. Хашаа ч хэрэггүй. Тэр зурвасыг хүн давж орж чаддаггүй байсан юм. Одоо тэр нь байхгүй. Зүүн талд цөөн хэдэн нарс, улиас л үлджээ. Ботаникийн цэцэрлэг гэдэг амралт зугаалгын парк байгуулахтай адил ажил биш. Ийм том зүйл бүтээн байгуулахад алдах, онох зүйл бишгүй л гарна. Өмнө нь нэг удаа устгах дөхсөн энэ цэцэрлэгт дахиад ийм зүйл тохиолдож байна. Эрх баригчид учрыг нь ойлгож, таньж мэдээд ирвэл устгана гэхгүй, тусалъя гэх учиртай. Тэдэнд төдийгүй ард иргэдэд ойлгуулж, таниулах хэрэгтэй.

2012-11-04

Цэнхэр пүүшиг


Халзаны дунд сургууль.

    1945 оны намар дайн дуусч  зөвлөлтийн цэрэг дайчид олзны малаа туусаар  хойшоо  цувж байсан үе.
Суман дээр чамайг хүрээд ир гэнэ, гэж  сумын зарлага   дуулгасныг сонсоод би хичээлтэй байна шүү дээ гэвэл одоохон  оч гэж тушаангуй  хэлэхэд арай ч тэгж болохгүй,  хичээлээ завсарлахаар  очьё  гэж  хариултал  өөр нэг хүн бушуу  гараад ир ээ гэх нь тэр. Цонхоор харвал пааспортын байцаагч Даваадорж, эмээлтэй морь хөтөлчихсөн хөндөлсөж байна. Гараад очвол  цулбуур сарвайж баруун тийш зангаж хоёулаа тэр мал туусан  бөөн орос цэрэгтэй уулзана  гэв.  Хамгийн эхэнд яваа хэдэн хүнийг амдаж  давхингаа эд нар чинь урд сумын нэг айлын адуу малыг хамж аваад эзний нь толгойг хага цохиод тэргэн дээр хүлчихээд авч яваа юм, өөр юү ч өдүүлчихсэн  юм бүү мэд,  тэгэхээр бид  урдах Хонгор сумынхны хүсэлтээр тэр  хүнээ малтай нь авах гэж  явна гэж  тайлбарлав. Эхний  нь нэг ефрейтер- түрүүч, хэдэн цэрэг  аж. Тэдэнтэй уулзаж дөрөө харшуулангаа түрүүчид нь би өөрийгөө эндхийн сургуулийн багш, Даваадорж байцаагчийг хууль цагдаагийн  бүрэн эрхт төлөөлөгч гэж  танилцуулаад  ирсэн зорилгоо уламжилав. Гэтэл бага дарга нь төдий л төдий л үл тоомсорлонгуйгаар, өө бид юү ч мэдэхгүй,юу ч чадахгүй,  манай дарга гэж танай энэ хүний  нагаан шиг буутай хүн ирнэ түүнтэй уулз... тамхи байна уу гэв. Та нар чинь дүнсэн  тамхи ихтэй газар очоод түүнээс нь туучихаагүй хэрэг үү гэвэл тэр чинь татсан болдоггүй  новш  на... гэв.
     Энэ бүхнийг байцаагчид уламжилбал тэрээр дарга нь ирж яваа эсэхийг лавлаад үнэхээр араас ирж яваа гэдгийг  сонсоод хожимдолгүй ирсэндээ баярласан уу хөх пүүшигээ сарвайв. Хөх пүүшиг гэдэг нь беломорканал гэсэн бичигтэй  орос папироос бөгөөд түрүүнд нь пушки гэдэг тиймэрхүү тамхи худалдаанд  ирж байсныг манайхан  пүүшиг гээд  нэрэлчихсэн агаад түүнтэй  төсөөтэй   цэнхэр  өнгийн зурагтайг нь  хөх гэж тодотгосон хэрэг.
     Тэр хүнийг  хаашаа, яах гэж  авч явна? Баянтүмэнд (Чойбалсан хот) аваачиж эмнэх нь үү, малыг нь та нар хариулах  уу? Ажилчин тариачины улаан цэрэг, хүн зодсон гэдэгт би  огт итгэхгүй байна (юм үзээгүй жулдрай багш би үнэхээр итгэхгүй байсан шүү) гэж бодсон санаснаа би өгүүлж, цэргүүд  ч хөх пүүшгээ татацгааж, тоомсоргүй байдал нь арилж, манай ахмад ирэх нь болсон, бидний тууж яваа малаас булаах гэсэн нэг сүрхий танхай этгээдийг  бид авч яваа, түүний тархийг манайхан арай хагалаагүй байх, харин түүний нударга, ташуурын амтыг манай хэдэн хөөрхий  цэрэг   амссандаа..., нээрээ  түүнийг аль ортол хэд хоног тээх болж байна, тээртэй гэдэг нь   гэх мэтээр  цуурцгаан  зөвлөлт- монголын  мөнхийн найрамдалыг чадах ядахаар сэргээв.
      Тэгтэл нөгөө дарга нь бололтой ахмад айсуйд түрүүч угтан очиж хэдэн амьтан  нөгөө  монголын  хойноос  иржээ гээд  бидэн рүү заав. Ахмадын амарыг эрье гэж ёсорхуу эхэлсэн мэндийн  хариуд .... тэр дээрэмчнийг чинь дайны үеийн хуулиар газар дээр  нь  цааш нь харуулаагүйд  та нар баярлавал зохино ... гэж өндөр дуугаар агсартал  ефрейтер  нь ханцуйдан  цаадуул чинь албаны  хүмүүс, юү гээд байгаа мэтийг дэлгэрэнгүй  тайлбарлав бололтой, бас  хэл амаа ололцоход  төвөггүй  гэж байгаа бололтой намайг зааж байна. Даваадорж байцаагч  ирж уулзаж буй  зорилгоо наадахдаа  тайлбарла гэж үүрэгдэв.Та харин энийг  нөгөө пүүшгээрээ угжихгүй  юү гэчхээд хэлсэнийг  нь ахмадад дамжуулав.  Одоо бодоход танай цэргүүд СССР-ийн найрамдалт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэний малыг  андуураад  тууж яваа малдаа  нийлүүлчихсэн  байна, малаа  хамуулсан  тэр хүн, хувийн хэдээ  авах гэж яваа царай нь тэр, юүний нь  дээрэмчин байхав, түүнийг сайн дурын морьт отрядын  үлгэр жишээ дайчин тул хэн боловч аливаа тусламж үзүүлэх  хэрэгтэй  юм гэнэлээ..., ардын сайн дурын морьт отряд гэж  цэргийн явдалд  туслах  сайн дурын  байгууллага-танайхаар бол ополченц   юм  гэж  тайлбарлаад  хэл нэвтрэлцээгүйн  бэрхшээлээс  ийм таагүй явдал боллоо... тэр хүнийг манай энд орхиод явах нь хэн хэндээ амар  гэх мэтээр байцаагчийн хэлснийг хачирлан  байж бурсан  санагдана. Далимаар нь  ачигдаж яваа хүний эрүүл мэндийг сонирхвол тэр бух шиг хүдэр эр  яавал гэгч нь, зүгээр  гэв. Тэрбээр байцаагчийн тамхийг баярлалаа гэж аваад тамхиа нэрж байцаагчийн тайлбарыг сонсоод   асуудал тодорхой боллоо, бид учрыг олно гэж байна.Тэр хүнийг адуутай нь буцааж өгнө гэж байна уу гэж байцаагч надаас лавласныг тэдэнд уламжилвал, тэгэлгүй яахав, одоохон шийдээдэхье, сананаа  зоволтгүй гэв.
      Одоо дахин ийм айхтар дайн болохгүй биз,тэгэх тусмаа  бид нар ч ингэж хүн мал буцаалдахад лав хүрэхгүй байх  гэж  найдна  хэмээн намайг  хошигнох аядахад бүгд  инээлдэж бие биедээ сайн сайхныг ерөөж найрамдлаа  зузаатгаж билээ.
     Үүнийг байцаагчид дуулгачихаад  би ч сургуульруугаа явахуу  даа гэвэл,  байцаагч маань  тэг тэг, зорьсон хэрэг бүтлээ  хойно, би  дохиж зангаж  байгаад ч  гэсэн хүнээ авна, чамайг байгаагүй бол тулмаашгүйдээд ( толмаач -орчуулагч гэсэн гадаад  үг монголоор   ийнхүү  сунжиран хэрэглэгдэж байсан юм)  яаж ч чадалгүй  хараад алдах  байсан  байж ч магадгүй , чамд ёстой  баяраллаа. Чи хэдийд нь  орос хэл сурчихсан нөхөр   вэ? Би Зөвлөлтийн сургуульд  ганц хоёр жил   сурч байсан юм,  хэлийг  нь олигтой сураагүй гэдгээ өчив. Мань хүн мээсийж байв.Үнэхээр баярласан байх.
    Сургууль дээрээ ирж ангидаа ороод төдий л удаагүй байтал хүүхдүүд  багшаа танаар  суллуулсан хүн гэж (сурагчид, хэдийнээ мэдсэн ажээ)  цонхруу зааасны очиж харвал “хага цохиулсан” толгойн цус нь үстэйгээ ширэлдэн хатсан (Зөлөлтийн  улаан цэрэг, хүн зоддог юм байна. Гэхдээ “өмчдөө” халдсан этгээдийн  аминд хүрээгүй нь яамай даа, ус уух тавилантай  хүн юм  гэж бодогдож байж билээ) тэргүүнтэй нэгэн эр адуугаа нижгэнэтэл хураан золбоотой давхин явж билээ. Хожим нь, тэр явдалд би  бурхангүй газрын бомба болсон бөгөөд  миний  орчуулга гэхээс хөх пүүшиг  л чухал  үүрэг гүйцэтгэсэн байх гэж  над бодогддог юм.
      Жич:  амь биеэ золин,  хэдэн адуугаа  өмөөрч явсан Сүхбаатар аймгийн Хонгор сумын  тэр зоригтой  “ хүдэр  эр”-ийн үр сад  одоо хир уг явдлыг Халзан сумын сургуулийн нэг багш гэж  буянаар дурсдаг гэж  дуулсан. Тэр нь Халзанд 1944-45 онд багшилж агсан,байгаль-дэлхийн багш миний аав Манибазар юм. Ярьсан яриаг нь өөрчлөлгүй нийтлэв. Сайн үйлс дэлгэртүгэй. 

2012-05-10

"Улс төр" үлгэрийн цаг

(зурган дээр товшиж томруулан харна уу)


Сонгууль хаяанд иржээ. 100 мянган айлын орон сууц, эх орны хишиг, утаагүй Улаанбаатар, хоёр Толгой, ядуурлыг бууруулна ...  гэх мэт мянган үлгэрээ яриад эхэллээ.  Аль нэг намыг нь сонговол УБ-ын утаа арилаад, уурхайнуудаасаа мөнгө олборлоод, нийтээрээ орон сууцтай болчих ч юм шиг, сонгохгүй бол энэ бүгд байхгүй болчих юм шиг айлгаад. Өөр сонголт байхгүй, биднийг л сонгохгүй бол Таван толгой, төмөр зам, улсын хөгжил ярилтгүй гэсэн мессеж хийсгээд уналаа. Бүхэл бүтэн улс байна даа, орон сууц хэрэгтэй л юм чинь барилгаа ч барина.  Уурхайгаа ашиглаж санхүүжих нь ч мэдээж. Тэдний мөрийн хөтөлбөр байхгүй л бол барилгажилт, уурхай, соёл, боловсрол, дэд бүтцийн бүтээн байгуулалт зогсчих гээд байгаа юм уу? Монголчууд мөхөх гээд мал нь өсөхөө байчих гээд байгаа юм уу? Улс орны баялгийг хэн бүтээдэг юм? Энгийн ардууд, та бид нар бий болгодог.  Уурхайчин та нүүрс, алт олборлоно, жолооч та түүнийг нь тээвэрлэнэ, малчин та малаа өсгөнө, эмч та тэднийг эмчилнэ, барилгачин тэдэнд барилгыг нь барьж өгнө, ... тийм биз дээ? Ганзагачид нь ч бас хамжилцана.


 Гэтэл энгийн ардууд маань хэт улс төржөөд баялаг бүтээгчид гэдгээ ч ухамсарлахаа болиод улс төрчид л амьдралыг нь дээшлүүлчих юм шиг тэдний намын мөрийн хөтөлбөрийг уншиж энэ нь ч дээр тэр нь ч буруу хэмээн мэдэмхийрээд. Улс төрөөр талцаж, хоорондоо тэмцэлдээд дуусдаггүй, тэгээд өөдөлдөг ч үгүй африкийн улсууд шиг л харагдаад байна.  Сонин гарчиглахаар л улс төр, зурагтаа асаахаар бас л улс төр. Хүмүүстэй уулзсан ч мөн л нөгөө улс төр. Бүгдээрээ улс төрийн академи төгсөөд ирсэн аятай. Нийтээрээ хийрхэнэ гэдэг л энэ байх. Тэгж тэгж сонгууль ч дуусна, сонгогдогчид ч 4 жил "хийдгээ"  хийнэ. Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг араараа тавиулсан хойноо л мэднэ. Хичнээн сонгууль дамнан хэдэн жил энэ байдлаа давтах вэ? Гарц байна уу? Тэдний мөрийн хөтөлбөрт итгэж болох уу? Болохгүй бол хэнд саналаа өгөх вэ? Болох бол алийг нь дэмжиж дугуйлах вэ?

Манай улс төрийн намуудад мөрийн хөтөлбөрөө ягштал удирдлага болгоод, хэрэгжилтээ хянаад, биелэлтээ зөв дүгнээд цааш явах ёс суртахуун,  хүсэл эрмэлзэл бий юу? Тэдэнд монгол улсын эдийн засгийг хөгжүүлэх тогтсон аргачлал тооцоо, хоорондоо ялгарах улс төрийн үзэл баримтлал байгаа юу? Байгаа бол тэр нь төлөвшиж чадсан уу? Эсвэл зүгээр л хэсэг улс төрчид (олигархи гэвэл онох байх), бизнесийн бүлэглэлүүд хувийн ашиг сонирхлын тэмцлээ улс төр гэж нэрлээд байна уу?  Өөрөөр хэлбэл зүүний, барууны, ногоон ... улаан, хөх, шар чигтэй (чимэгтэй намууд бол бий л дээ) намууд бий юу?   Байсан ч та биднийг гийгүүлэв үү?

Хэдхэн намыг сонгохын хооронд хэтэрхий олон асуулт тавиад байна уу?
Тийм ээ, энэ олон асуултад хариулах төвөгтэй. Гэхдээ бүгдээрээ нэг удаа ч гэсэн энэ сонгуулийг арай өөр талаас нь хараад хариулт өгөх гээд үзье.
Тэгэхийн тулд өөрийгөө улс төрч гэж бодохоо болиод харин яахав, юу хийж чадахав гэж асууя. Эхлээд энэ бодлоосоо салж байж асуултаа тавихгүй бол улс төр ойлгодог хүн болж энэ тэнд гүйж очоод намын батлах гардаж аваад (өөрийгөө нийгэмд чухал гэдгээ мэдрэх нь ер нь хүний араншин юм гэнэ лээ) ийш тийшээ ханарч давхиад дахиад л нөгөө солиорлоосоо гарч чадахгүй, чөлөөтэй сэтгэх боломжоо алдчихаад байх шиг байна. Өндөр хөгжилтэй орнуудад сонгууль болоход нийтээрээ улс төрөөр хийрхээд байдаггүй л юм билээ.

Тэгвэл бид юу хийж чадах вэ?

Бидэнд хийж чадах зүйл бий. Үндсэн хуулиар олгосон сонгох боломжийг ашигла, үр хүүхдүүдийнхээ алсын ирээдүйг харж зөв сонго! Энэ бол бидний хийж чадах хамгийн гол алхам. Ямар хүн сонгосноос үр, хүүхдийн чинь амьдрал аль нэг хэмжээгээр хамаатай болно гэсэн үг.  Та бидний үр сад боловсролтой, баян болбол тэр чинээгээр Монгол улс маань сүр хүчтэй, оршин тогтносоор байх болно. Дөрвөн жилдээ өөрсдийнхөө эрх ашиг, үзэл бодлоо илэрхийлэх төлөөлөгчөө сонгодог ганц боломж! Энэ боломжоо ашиглахгүй байх юм уу хэдэн төгрөг өгсөн намд санал дугуйлах нь ердөө л өөрсдийнхөө ирээдүй рүү нулимчихлаа гэсэн үг. Тэгсэн мөртлөө бас болоогүй тэднийгээ 4 жилийн турш хараагаастай, баялагийн шударга хуваарилалт яриастай, ашиг хүртэхээ нэхээстэй.

Хэдэн сонгууль нахин сонгогдсон мөртлөө төсөвийн мөнгийг хөөрхөн "зохицуулчихаад " хөлжөөд явдаг гишүүдээ монголчууд цөөхөн юм болохоор мэдэж байдаг , тийм ээ? Гэнэт хагартлаа баяжаад танилууддаа тендер авч өгөөд  явдаг нутгийн чинь хүүгийн төрх бууж байна уу? Зарим УИХ-ын гишүүд, яам тамгын газрын түшмэдүүдийг яаж юуг идсэн, хэнтэй нөхөрлөж юу ярьж, яаж олзоо хувааж, хаашаа бараа чихэж, хэнд авилгал өгсөн ... гээд амтай болгон яриад, мэдээд байдаг биз дээ?  Тэд нарыгаа дахин сонгохоо больчих. Бас бидний хийж чадах дараагийн алхам.

Амь амиа бодоорой гэдэг шиг ард та үр хүүхдээ л бод. Юун хаа холын Эн.., Ня.., Хү.., Ба ..,  Ал..  дарга нар ... хувьсгалт, ардын, ардчилсан, ардчилаагүй .. дуучин, бөх, уяач, уран сайханч? Больё оо.

Тэднийг хүрээлэгсэд мэдээж тэр чигээрээ улаан хамгаалагчид, тэдэндээ л саналаа өгнө. Харин иргэн та тэдэн шиг алдах юмгүй бол 30 жилийн дараа ирэх хөгжилийн амлалтад битгий хуурт. 30 жилийн дараа наад хэд чинь байгаа ч уу үгүй юу,  та өөрөө ч тэр хөгжлийг нь хараа ч уу үгүй ч үү.  Сонгуулийн дараа өгөх эх орны хишиг, нэр дэвшигчдийн тарааж байгаа мөнгөнд битгий дулдуйд л даа. Тэгвэл та үр хүүхдийнхээ ирээдүйг хямдхан худалдчихлаа л гэсэн үг. Уг нь тэр хэдэн төгрөгнөөс чинь хэдэн мянга дахин илүү баялагийн хумсын толион чинээг нь л танд долоолгоод байгаа юм шүү дээ.
Хэдэн мянга дахин шүү. Кувейт, Бахрейн, Арабын Эмират ... гээд байгалийн баялгаа ард түмэндээ хуваарилаад нийтээрээ чинээлэг яваа улсын жишээ зөндөө байна. Авилгалаа арчиж хаяад иргэншсэн нийгэмд амьдарч байгаа Швед, Финлянд, Норвеги ... гээд өндөр хөгжилтэй улсууд ч олон байна.  Энэ улсуудын иргэдийн сарын орлого нь 2000 доллараас дээш. 12 сараараа үржүүлээд үз. Ганцхан жилд хэд болж байна? Тэгээд 5 жил, 10 жил гээд үржүүлээд үзэхгүй юу. Дараа нь намуудын амлаад байгаа эх орны хишиг, хүний хөгжил сангийн тэр сая таван зуун мянган төгрөгөө долларт шилжүүлээд тооцоод үз. Сая таван зуун мянган төгрөгийг (1000 гаруй доллар) хэдэн жилд  хэрүүлтэй, хүлээлттэй увуулан цувуулан авч байгаа билээ? Хүлээсэн жилүүдээ сараар нь хуваагаад үз. Хэдэн мянга дахин гээд байгаа нь үнэн байгаа биз? Та хэдэн төгрөгөөр худалдагдчихсан байна?

Нөгөө баялгийн хараал гэдэг чинь энэ мөн үү? Эсвэл эдийн засаг, улс төрийн номон дээр л байдаг үгүй бол зөвхөн африкт хамаатай, манайд хамаагүй эд үү?  Ядуурал, баялгийн хараал ... юун ойрхон байна, аюул ойртлоо? Аль хэдийн биелэлээ олчихоод гэрийн чинь хойморт залраад авсан юм биш үү?  Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээдэг саарын жишээ ч байна. Асар их байгалийн баялагтай мөртлөө хөгждөггүй Боливи, Нигери, Ангол..., барууны загвараар зэрэгцээд оршиж байгаа мөртлөө татаасаар хөгжсөн болж өрөө өсгөдөг Ирланд, Грек ... гээд орнуудыг бас нэмээд санаарай.

Сонгууль болохоор л намууд ард түмэнд хишиг хүртээх тухай баахан цифр ярина. Монголчууд намын амлалт горьдож, улсаар тэжээлгэж суухаа больё, бэлэнчлэх сэтгэлгээнд автах нь, бүтээгчид болъё, тэр мөнгийг 2,7 сая хүнд тарааж өгч аманд ч үгүй хамарт ч үгүй болгосноос (Хүний хөгжил сангаас 1.5 их наяд төгрөг өнгөрсөн 3 жилд тараасан) эмнэлэг барих, үйлдвэрлэлээ дэмжих, орон сууцны хорооллууд барих, төмөр зам тавих гэх мэт өөр үр ашигтай юманд зарцуулдаг болъё гээд  дуугараад эхэллээ шүү дээ. Нийгмийн эмзэг бүлэгт харин ахиухан өг л дөө. Хөдөлмөр, бизнес эрхлэх чадвартай тодорхой насныхан тэр мөнгөнөөс татгалзъя. Энэ бол бас л биднээс өөрсдөөс хамаарсан бидний хийж чадах зүйл.  

Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг сонсоод суух биш, шаардлагаа сөргүүлэн тавьдаг болъё.

УИХ-ын гишүүдийн тэрбумыг болиулъя. Гишүүд  яаж зарцуулсан нь бүрхэг өнгөрдөг үр ашиг муутай 76 тэрбумыг (55 орчим сая доллар) өөр сайн механизмаар зарцуулдаг болъё. Үүнийг бид сонгогчид шаардаж болох уу? Бидний чадах зүйл биш гэж үү? Мөнгө зарцуулах эрх хаа байна, тэнд мөнгө "зохицуулах " сонирхол заавал байна. Чоно хонь хариулах гэх юм уу даа. Гишүүд нь компаний эзэд,  Их Хурал нь УИХ х.х.к .

Ашиг сонирхолд нь саад болсон нэгнийгээ зэрлэгээр хороочихоод олон жил илрүүлдэг ч үгүй, гадаадаас хууль зөрчиж нэг иргэнээ хулгайлж авчран хилс хэрэг тулган тамалж алчихаад хэн ч хариуцлага хүлээдэггүй, жагсаал цуглаан хийлээ гэж 5 иргэнээ буудчихаад түүнээ нуудаг, УИХ-д хэлэлцсэн хуулийг нэг нь орондоо засч хэсэг бүлэг хүмүүст үйлчилчихээд төрийн өндөр алба хашиж явдаг, нийтийн өмч идэж шамшигдуулчихаад шүүх гэхээр хэлмэгдэл боллоо гэж ард олныг хагаралдуулдаг хүмүүсийг дахин улс төрд оруулж ирэх гээд байгаа юм биш биз дээ?

Энэ гажигтай нийгмийг өөрчлөх түлхүүр нь сонгогч таны өөрийн чинь гарт бий.  "Өмнө нь аливаа орны түүхэн үйл явцыг өөрчлөгч нь улс төрчид болон хаад, ноёдын хоорондхи зөрчил байсан бөгөөд түүнд ард олны (массын) зүгээс үзүүлэх нөлөө бараг байхгүй байсан байна. Харин өнөөдөр ард олны хүч давамгайлах болж энэхүү харьцаа   өөрчлөгдсөн аж. Ард олны үзэл бодол улс төрийг тодорхойлж, тэд дуу хоолойгоо нэгтгэн хувь заяагаа гартаа авдаг хандлага дэлхий даяар бий болоод байна" хэмээн 20-р зуунд гарсан нийгмийн харьцааны өөөрчлөлтийг францын алдарт нийгмийн сэтгэл зүйч, нийгэм судлаач Густав Лэ Бон "Ард олны сэтгэл зүй" номондоо тодорхойлсон байдаг. Цааш нь "Ард олны хүч нь сульдсан, үхсэн амьтны сэгийг идэж, задлан сүйтгэх микроб мэт хүчтэй ажгуу. Алив нийгэм ялзраад ирэхэд энэ хүч үүргээ гүйцэтгэж эхэлдэг бөгөөд түүхийн хуудсыг эргүүлэгч нь болдог" гэжээ.  "Улс төр бол зөвхөн улс төрчдөд найдаад орхих зүйл биш юм " гэж Шарль Дэ Голь хэлсэн байдаг. 


 Ер нь сонгуульд оролцох нь зөвхөн эрхээ эдэлж байгаа ч биш бас үүргээ давхар гүйцэтгэж байдаг. Энэ эрх, үүргийн харьцаа нь нийгмийн хариуцлага хэр байгаагийн нэг үзүүлэлт,  нийгмийн соёл юм гэнэ лээ шүү.


Бид улс төрчдийн ярьдаг биелдэггүй үлгэрийг хэр удаан  сонсох юм бэ?
Үлгэр  тухайн үндэстнийхээ хүсэл, эрмэлзлийн толь гэвэл монгол ардын үлгэрт хутга тавилгүй наян жил найрлаж, жаран жил жаргана гэсэн нь дутах юмгүй нийгэмд амар сайхан жаргалыг эдэлье гэсэн бидний өвөг дээдсийн мөрөөдөл болов уу. Монгол үлгэрээ жинхэнэ амьдрал болгон эх нутагтаа эзэн шиг эрх тааваараа амьдрах уу эсвэл хүний ярьсан үлгэр сонсоод мөрөөдөөд суух уу? Энэ янзаараа цааш явбал гадныхан ч бидэнд үлгэр ярьдаг болсон даяаршсан нийгэмд амьдарч байгаа шүү, бид.

2012-05-02

Дарга нарын хүүхдүүд "ухаантай" төрдөг


    Дарга нарын хүүхдүүд илүү ухаантай төрдөг юм шүү дээ. Тийм болохоор тэд амжилттай, амьдрал нь баян тансаг байдаг юм. Төрд өндөр алба хаших, том том корпорацуудыг удирдах энэ тэр чадвар чинь тэдний бусдаас илүү ухаантай төрснийх нь илрэл байхгүй юу. Аав нь төсвийн цалинтай, түрээсийн байранд амьдраад ч болов  дарга хийгээд, эх орныхоо бүтээн байгуулалтад морь нохой мэт зүтгээд явахад буян нь хүүд нь хүртдэг  л юм. Ямар тэдэнд хүүхдэдээ өгөх хөрөнгө мөнгө, байр сав гэж байх биш. Гол нь дарга хүний ухааныг дуурайх, удамших чанарт л хамаг учир байх шиг байгаа юм. Тиймдээ ч хүүхдүүд нь ухаанаараа бусдаас ялгараад зарим хүмүүсийн амьдрал туршдаа мацаад дийлээгүй албыг  алгасаад алгасаад явчихдаг сүрхий чадалтай. Харахгүй юу, эхнээсээ хүүхдүүдийнх нь ур ухаан нь задраад их хуралд өрсөлдөөд, элчин консулаар суугаад  эхэллээ ш дээ. Адтай ...  Адтай ч гэж, нөгөө ухаантай төрснийх. Ухаантай хүнийг чинь төрийн өндөр албанд тавихгүй гээд яахав. Цалин бага нь хамаагүй ээ. Тэнд нэг очоод авсан байхад л учиртай. Аавын ген байгаа цагт цогцлуулаад өгнө. Амьдрал өөрөө баян шүү дээ.

    Хүүхдүүдээ ухаантай төрүүлэх гэдэг ямар хэрэгтэй зүйл болохыг одоо ойлгож байгаа биз?

    За тэгэхээр залуучууд  өнөөдрөөс эхлээд цаг алдалгүй хүн бүр дотроо бодолтой байж дарга болох замаа хөөх хэрэгтэй.  Аав, ээжийгээ насных нь бөгсөнд ч болтугай жаргаа л даа. Хэр том дарга болохыг гагцхүү та бүхний сэтгэлийн чин зориг мэднэ.  "Хүн бүр бага балчраасаа эхлэн ..." гэдэг шиг аль  болох эртнээс эхэлбэл сайн байх. Ер нь заавал залуучууд ч гэлтгүй. Эцэг, эхчүүд та нар ч гэсэн дарга болчихвол хүүхдүүдийн чинь оюуны потенциал шууд дээшлээд ирдэг гэсэн шүү. Дарга болохын тулд "Яаж?" гэдэг аргаа л мэдэх нь чухал. Нам дагавал ам тосдоно гэж сонссон уу? Сонсоогүй бол одоо сонс. Ажил мэргэжил, ёс зүй энэ тэр нэг их чухал биш ээ. Слесарь байна уу, бөх байна уу, дуучин байна уу, морь уядаг уу … хамаагүй. Гол нь намд нэг ороод авсан байхад эхнийхээ алхамыг хийлээ гэсэн үг. Болж өгвөл хамгийн чинээлэг МАН-аа дагавал түшигтэй байх. МАХН ч гэсэн хуучин бууны хугарахай одоо томорч магадгүй байна шүү.  АН-ыг ч дагасан болно, МАН-аасаа нэг их ялгарахгүй байна. Жижиг намуудыг дагах эсэх нь чиний сонголт. Гэхдээ л түрүү ургасан чихнээс хойно ургасан эвэр гэдэг шиг цахиур хагалах ч юм билүү. Намынхаа жанжин шугамаас хазайж хэлтийчихэлгүй дэмжээд, хандивлаад явахад бусад нь аяндаа шил шилээ дараад л  бүх зүйл чинь жигдрээд ирнэ. Гишүүнээр сонгогдоно, агентлаг толгойлно, гадаадад томилогдоно, шийдвэр гаргана, банк зохицуулна, тендер зарлана, ТУЗ-д сууна, хувьчлал хийнэ, аймаг сум төлөөлнө,  төсөв зарцуулна ... гээд зөндөө юманд хуруугаа дүрнэ. Нэг ийм болчихсон байхад ч удам дамжсан ухаантай хүүхдүүд увж цуваад эртний сайхан ерөөлөөр ээж аав, элэнц хуланц болох та нарыгаа баярлуулах цаг ирнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.
    Заавал тооны багш, тогооч, малчин, уурхайчин, эмч, зохиолч, эрдэмтэн професор болох гээд яадаг юм. Өөр газар бол яадаг юмсанж мэдэхгүй. Лав л манайдаа дарга гэдэг мэргэжил хамгийн эрэлттэй нь, ирээдүйтэй нь. Цалингийнх нь тухай ярьж байгаа юм биш. Ген, үр хүүхдийн төлөвшил, эх орны ирээдүй болсон хойч үеийнхээ тухай "нарийн" сэдэв хөндөж байна.


Монголын минь "ухаантай" үрс олон болох болтугай!

2012-04-14

Энхбаярыг сулла!

            (зурган дээр товшиж томруулан харна уу)

2012-04-13

MINEGOLIA


             (зурган дээр товшиж томруулан харна уу)

  Уул, уурхайн салбар нь Монгол улсыг хөгжилд хөтлөх, ард түмнийхээ амьжиргааг өндөр хөгжилтэй орнуудын зэрэгт хүргэх тулгуур салбаруудын нэг яах аргагүй мөн боловч тэргүүлэх салбар гэж онцгойлон маргаашийн ирээдүй байхгүй мэт нөхөн сэргээгдэхгүй хязгаартай баялагийн төлөө нэгдсэн зөв бодлогогүйгээр газрын хэвлийгээ уулгалан малтах нь биднийг юунд хүргэх бол?

  Дэлхий биднийг хойд талдаа ой хєвчийн уулнуудтай, өмнөд талдаа элсэн манхан далайнуудтай, хотол олны эм болсон горхи булаг рашаануудтай, хvн малын ундаа болсон тойром бvрд уснуудтай онгон дагшин газар гэж харахаа байчихвал уух ус, зулгаах өвсгүй онгорхой хар нүхэн дотор малаа харангадуулаад, жуулчид авчраад, цахим технологийн эринд уралдаад амар сайхандаа жаргах уу?

2012-03-31

Эрхэм түшээ Нямдорж гуай юу л хийгээд байна даа

                  (зурган дээр товшиж томруулан харна уу)



   Эрхэм түшээ Нямдорж гуай юу л хийгээд байна даа.

   Тээр жил Гүндалай гишүүнтэй идсэн уусан, зассан, янзалснаа илчилцгээгээд л байсан. Тэгсгээд таг болсон.  Өнгөрдөг намар журмын нөхөр Энхбаяртайгаа мөн л шөргөөцөлдөөд авсан. Бас л идэж ууж, авилгал авцгаасан юм байх. Хэвлэл мэдээллээр нэг шуугиан. Хууль хяналт, АТГ  энэ тэр нь тэгэхэд хаагуур юу ч хийж явсан юм. Шалгуулна, барьна, хорьно гээд л байсан. Тохиролцсон юм байлгүй, мөн л таг.  Уг нь өөрөө хууль бус үйлдэлтэй тэмцэх (тэмцдэг!?) хүн нь юм шүү дээ.

   Харин одоо Баттулга гишүүний шүүмжлэлийн хариуд улсыг мэхэллээ, хамаг нууцыг нь мэднэ, тухайн үед нь асууж байсан, сануулж байсан ч гэх шиг. Дахиад л бөөн сенсаац. Энэ тухай ер нь мэдэх хүн байхгүй дээ. Засгийн газар ч мэдээгүй” гэнэ. Ганцаархнаа мэдчихээд л хэргийн үзүүрээс барьж авчихаад л имрээд л зүгээр суугаад байсан юм аа даа.

Энхбаяр нь идсэн үү, Гүндалай нь авсан уу, Баттулга нь мэхэлсэн үү гэдэгтээ биш хамаг хэргийн гол нь эрхэм түшээ Нямдорж гуай үнэн ч байж магадгүй, бас худал ч байж магадгүй ихээхэн мэдээлэл хадгалж (!) суудаг юм байна. Тэгээд хэн нэгэн эрхэм өөр лүү нь эсвэл хамсаатнууд руу нь асвал нөгөө нууцалдаг мэдээллүүдээсээ ил гаргаж хариу барьдаг юм байна. Тэгээд но-гоор нь буулгаж авдаг ч юм уу эсвэл тохиролцоонд хүрдэг юм бол алив хууль бус үйлдлийг нь хүчингүйд тооцож "өршөөл үзүүлдэг " юм байна гэсэн ойлголт төрж байна.

   Урд нь мэдээд байсан мэдээллүүдээ яагаад ч тухайн үед нь ил хэлцэж, муусайн этгээдүүдийг АТГ-т нь өгчихдөггүй байсан юм.  “Баримт нь бий шүү!” гэчихээд хэлэхгүй тавлаад байдаг нь цаанаа ийм учир жанцантай байж л гэхээс. Тэгээд юм л бол өнгөрсөн хойно нь "Би кэлсэн ш д " гэж даажигнана. Мэдсээр байж хууль бус үйлдлийн хажуугаар дуугүй өнгөрөөд дараа нь өөрийнх нь эсрэг хандсан этгээдийн урьд нь үйлдсэн гэмт хэргийг нь гэнэт илчилж нээнтэглэнэ. Яав, ийв гэмээр бүр цочтол нь, гэнэт шүү.

   Өөрийнх нь сүүлийн үед сонингуудад өгсөн ярилцлагаас иш татъя. "Олон удаа би Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамныханд сануулж байсан, олон удаа танайх хууль зөрчиж байна шүү, боловсруулалт чинь шаардлага хангахгүй байна, хувийн сонирхол орж байна шүү, хулгай зэлгий болох гэж байна, энийгээ та нар болиорой, бид мөнх биш, төр, хууль хоёр мөнх. Хожмын нэг өдөр хариуцлага ирнэ, би та бүхнийг дагаад шоронд орж чадахгүй, шударга ажилла гэдэг ганцхан зарчим ярьж байсан. Хэлээд байхад л ийм юм хийсэн " гэжээ.
   Бид аль нийгэмд амьдраад байна аа? “Олон удаа танайх хууль зөрчиж байна шүү...” гэнэ үү?!

Хэзээ ер нь Та хууль сахиулах хүн бэ? Асуултыг буруу тавьчихлаа, уучлаарай.
Хэнд нь ер нь Та хууль үйлчлүүлэх юм бэ?

Монголын хавтгайд олдохгүй хамгийн шударга түшээ гээд л байсан. Авилгалд авсан хаус энэ тэрийх нь тухай нэгэнт мэдэхгүй юм болохоор дуугүй байя. Ямар ч байсан, гэмт үйлдлийн хажуугаар мэдээ ч үгүй юм шиг л өнгөрдөг юм байна.

Тэр жил 76 гишүүний хэлцэж тогтсон хуулийн төслийг орондоо ганцаараа засаад л хэвтэж байсан. УИХ-аараа гаргасан хууль, тогтоолыг хэн нэг нь дур мэдэн засаж өөрчилж болдоггүй ардчилсан парламентат засаглалтай оронд байгаагаа энэ нөхөр мэдэж байна уу, үгүй юу? Ганцаараа л засчих байсан юм бол бусад 75  нь хэрэг байгаа ч юм уу даа. Увс нутагт байтугай улс даяар ч эрээд олдохгүй хамгийн сайн хуульч л гээд байсан, хуулийг гууль болгодог л юм байна.
Энэ эрхэм ер нь юу л хийх гээд байна даа?

2012-03-01

MINEGOLIA


MonGOLDia?     MonCOALia?    Simply MINEGOLIA!

                                         (зурган дээр товшиж томруулан харна уу)

2012-01-07

Фрийдланд азтай алдартай эр, Миклаш азтай ч алдаргүй эр

Саяхан болсон явдал болохоор нь ч тэр үү, ер нь өөрөө ч тэгж рекламдсан юм уу мэдэхгүй Оюу толгойн ордыг нээсэн домгийг монголчууд мэднэ. Олж өрөмдөж чадахгүй будилж, будилж за нэг эцсийн удаа хатгачихаад харья даа гээд газар луу нэг хатгаад л баялагтай гэдгийг нь эцсийн момээнтэд мэдсэн гэдэг. Хэрэв тэгээгүй бол юун Оюу толгой, эх орны хишиг энээ тэрээ. Фрийдланд азтай мөн алдартай.
Тэгвэл түүнтэй төстэй хувь тохиолоор бидэндээ "ирсэн" Эрдэнэтийн овооны орд газрын баялгийг хэрхэн нээсэн тухай Чех, Словакын хэвлэлд болон интернетэд тавьсан ярилцлагыг  доор орчуулан хүргэе. Чехословакууд нээсэн л гэдэг, яагаад ч тэгээд орхиод явчихдаг сонин (эсвэл сонирхолгүй) хүмүүс байсан юм, бүү мэд гэж боддог  байлаа.

Дашрамд нь:
Эрдэнэтийн овоо өнгөтэй байна аа
Энэ зууны царай байна аа ... 
хэмээн дуулалдсан ах эгч нар зурагт, сонингоор нэг гардаг байсан 70-аад оныг санаж байна уу? Дэлхийн 10 том уурхайд орох Эрдэнэт уурхай ашиглалтанд орж, түүнээсээ ч дутахгүй том бүтээн байгуулалт тэрхүү онгон нутагт цогцолж, өнөөг хүртэл биднийгээ тэжээсээр.

Бид хэрхэн монгол дахь эрдэнэсээс хагацсан бэ?
Хамтарсан экспедиц 45 жилийн өмнө Монголын умард хэсэгт зэс-молибдений орд байгааг илрүүлжээ. Эхэндээ Азидаа хамгийн том орд гэж байсан боловч удалгүй дэлхийн 10 том ордын нэг гэгдэх болсон юм. Эндээс 90 мянган оршин суугчтай Эрдэнэт хэмээх монголдоо 2-т орох том хот босчээ. Холгүйхэн баяжуулах үйлдвэртэй. Сүүлийн үеийн мэдээгээр хүдрээс жилдээ 530 мянган тон зэс, 3 мянган тон молибдэны баяжмал олборлодог. Өнгөрсөн жил энэхүү монгол-оросын хамтарсан үйлдвэр 76 сая долларын цэвэр ашигтай ажилласан. Ихэнхи олборлолтоо экспортолдөг бөгөөд монголын төсвийн тал шахуу хувийг бүрдүүлдэг. Хамгийн сүүлийн судалгаагаар хотын ойролцоох хүдрийг 30-40 жил ил уурхайгаар, дараагийн 40 жилд гүний уурхайгаар олборлох хэмжээний хүдэр бий гэжээ. Ийм үзүүлэлт хараад Чехословак улс яагаад энэ ордыг зүй ёсоор хамгийн түрүүнд ашиглахад оролцох эрхээ эдлээгүй юм бэ гэсэн асуулт өөрийн эрхгүй төрнө. Өнөөг хүртэл Чех, Словак хоёр улс эндээс ашиг хүртээд явж байх байлаа. "Миний сонссоноор Чехословакын талд  дааж давж биелүүлэхийн аргагүй нөхцөл тулган олборлолт, боловсруулалтад оролцохоос шахан гаргасан гэдэг юм билээ " хэмээн экспедицэд оролцож явсан Владимир Миклаш дурссан юм. " Хөрөнгө оруулалтын 20%-ийг бидэнд ноогдуулсан нь тухайн үедээ манай улсын хүчин чадлаас хол давсан асар том тоо байсан юм шүү дээ. Наанаа бол монголын засгийн газар ийм шаардлага тавьж байгаа юм шиг боловч үнэндээ зөвлөлтийн зөвлөхүүдийн найруулсан дэг байсан юм "
Оросын болон Монголын архиваас илүү ихийг мэдэж болох л доо. Праг дахь Төлөвлөгөөний комиссын архиваас ч бас. Тэр үед улс төрчид, дипломатууд, аж ахуйнхны дунд янз бүрийн л юм яригддаг байсан. Үгэнд ордоггүй холбоотноо Кремлийнхэн "Прагийн хавар "-ынх нь төлөө шийтгэсэн ч гэдэг. Ядаж талхаа хуваах үе нь хямрал эцсийн шатандаа орж, манайд төвшитгөл (normalizace- орч.) болж байх үед таарч. Москва бидэнд оронд нь Уралын нуруунд ашиг багатай зэсийн орд санал болгож байсан ч гэдэг. " Та нарт илүү ойрхон болохоор тээвэрлэлтийн зардал ч багатай " гэсэн юм билээ. Ямар ч байсан "Өнө мөнхийн найрамдал " нь баяр ёслол дээр л хэлдэг тангараг байсан юм. Улс хоорондын эдийн засгийн сонирхол, ялангуяа их гүрний сонирхол хаана байна тэнд хүйтэн тооцоо ноёрхож байлаа.  Монгол дахь ордыг нээхэд Чех, Словакын геологчид болон алмаазан хошуу ч чухал үүрэгтэй байсан нь эргэлзээгүй үнэн юм. Монголын тал үүнийг хүлээн зөвшөөрдөг бол Оросууд тэгсгээд л нэг хүлээн зөвшөөрдөг.
1962 онд Геологийн Төв Институтын хэсэг ажилтнууд найдвартай гэсэн газруудаа сонгож, урьдчилсан судалгаа хийхээр Улаанбаатар луу мордож, жилийн дараа хоёр улсын хооронд геологийн салбарт хамтран ажиллах гэрээ үзэглэгджээ. " 1966 онд Москва-Бээжингийн хурдан галт тэргээр монголын талыг зорьж байж билээ " хэмээн Миклаш гуай яриагаа эхлэв. "Эрдэнэтийн овоо буюу орчуулбал эрдэнэсийн овоо хэмээх ууланд экспедицийнхэнтэйгээ нийлэхээр тохирсон байсан юм. Тэд Моймир Краутерын удирдлага дор бараг жил орчим ажиллаад байсан юм . Ахлах геологч нь чех хүн, Эманүел Коминэк гэж. Мөн эхнээсээ тэнд хэдэн словакууд байсан. Станислав Полак, Бохуш Томашек, Рудолф Габчо г м". Бусдыгаа газраа судалж байхад өрөмдлөгийн технологч Миклаш ирж байж. Тэрээр ачаандаа нэгэн үнэт зүйл авчирсан нь түүний өөрийнх бүтээсэн 6 ширхэг алмаазан хошуу байв. Институтээс түүнийг энэ хошуугаа "жинхэнэ халуун " газар нь очиж туршаад ир гэж явуулжээ. Эрдэнэтийн овоог хараад төрсөн анхны сэтгэгдэл мартагдашгүй.  Тэрээр  " Тэр үед уул маань далайн түвшнээс дээш 1500 метр өндөртэй. Одоо бол өөр л дөө, том цооног л үлдэж. Уулын орой руу мацаж байхдаа хагас эрдэнийн оюу чулуу түүгээд л явна. Тэр өндөрт төмсний улаан цэцэг ургах нь гайхамшигтай гэж. Словакт ийм өндөрт бол нарснаас өөр юм ургахгүй" хэмээн хуучилсан юм. Миклашыг ирэхээс өмнө тэд үр дүн маш муутай нүдэж тээрэмдэх аргаар өрөмдлөг хийдэг байсан болохоор орд газрын хүдрийг олборлох, ашиглах хэмжээнд ашиг нь харагддаггүй байлаа. Түүний авчирсан өрмөөр өрөмдөж авсан материалын судалгааны үр дүн өмнөхөөсөө тэс өөрөөр гарч эхэлжээ. Урьдчилсан судалгаагаар л хүдрийн нөөц ашигтай гарч тэрбүм тоныг давсан байна. Энэ нь олборлолт явуулахад ашиг өгнө гэсэн үг. Авсан дээж дэх зэс 1,17 %, молибден 0,05% байв.  Дээжийг лаборатор луу явуулсан бөгөөд зөвлөлтийн мэргэжилтнүүд эцсийн хариу хэлэх ёстой байлаа. Экспедицийн ахлагчийн үүрэгдсэнээр Миклаш Монголын Геологийн Яамны нарийн бичгийн даргад мэдээ бичиж дараа жилийн өрөмдлөг судалгааны ажлаа танилцуулжээ.  Гэтэл тийм сонирхол тэдэнд байсангүй. Цаашдын өрөмдлөгүүдийг монголчууд, оросууд гүйцээсэн юм. Тэдний цаашид хийсэн өрөмдлөгүүд нь энгийн, амархан ажил байсан бөгөөд дээр нь яаж өрөмдөх мэргэжлийн зөвлөгөө тэдэнд өгч үлдээсэн байсан аж. Ингээд Миклаш нутаг буцсан боловч бүх юм тэгээд дууссангүй, алмааз хошуунууд болон мэргэжлийн номнуудыг нь монголын хил гаалийнхан хураан авсан байсныг очсон хойноо л мэдэв. Хориотой зүйл тул хил гаргаж болохгүй гэсэн байна. Миклаш  "Бүр дээгүүр хэмжээнд хэд дахин хөөцөлдсөний эцэст манай институт буцааж авсан юм. Гэнэн залуу байж дээ. Алмаазыг дотуур хувцас авч яваа юм шиг санаж тээшиндээ хийж л байдаг " хэмээн яриад инээв.
1978 онд үйлдвэрийн нэг хэсгийн нээлтэнд Зөвлөлтийн засгийн газрын тэргүүн Алексей Косыгин оролцож , мөн Чехословакын Геологийн төвийн дарга Иосеф Правда тэргүүтэй төлөөлөгчдийг урьсан байна. Тэднийг Улаанбаатарт газардсаны дараа цаг агаарын байдлаас Эрдэнэт рүү нисэх боломжгүй гэсэн аж.  Хэн ч итгэсэнгүй. Монголыг хөх тэнгэрийн орон гэдэг биш билүү. Жилийн 365 өдрийн бараг 365 өдөр нь нартай байдаг газар шүү дээ.  Хожим нь 1988 онд чехословак-монголын геологт хамтран ажиллах гэрээний 25 жилийн ойгоор л доктор Габчо Эрдэнэтэд очжээ.                             
 -Владимир Янчура, 2010.12.11

Хоёр дахь гунигт хүн
Нэгдүгээрхи нь "Эрдэнэтийн эрдэнэс" нийтлэлд бичсэнээр бол түүнийг бичигч, миний хуучны анд, Монгол дахь анхны Чехославакын геологийн экспедицийн ахлагч, инженер Моймир Краутер юм.
Хоёр дахь нь миний бие, Братислава хотын уугуул Владимир Миклаш,  Эрдэнэтийн овооны (тэр үед зүгээр л Овоо гэдэг байв) зэс-мөлибдений орд газрын хувь заяа шийдвэрлэгдэх 1966 оны геологийн шинжилгээний багт ажиллаж байлаа.
Яагаад гунигтай гээд байна гэж үү?  Гуниг ч бас биш юм. Сайн гүйцэтгэсэн ажлынхаа араас ганихрана гэж юу байхав. Бухимдал юм даа. Чехословакын эдийн засгийн сонирхлыг балласан, дээшээ хашгираад ч тэнгэр хол  гэмээр шударга бус явдал, бүр хамтран үйлдсэн шударга бус явдал болсон юм. Монгол, Чехословакын архивыыг нээж (ялангуяа геологийн архивыг, тэр тусмаа БНСЧСУ-ын Улсын төлөвлөгөөний комиссын шүү. Оросууд оролцсон гэхэд эргэлзэж байна) Чехословакын тал хэрхэн энэхүү дэлхийн хэмжээний том уурхайг ашиглахад оролцохоос шахагдсан тухай үнэнийг өгүүлэх  цаг нь болсон гэж бодож байна. Оролцох хэлбэр нь янз янз байж болох байсан. Ямар ч байсан юу ч үгүй хоосон үлдэх нь л байж боломгүй асуудал байсан юм. Ямар ч байсан хоёр улсын гэрээ хэлцэлд тийм юм байгаагүй гэж бодож байна.
Чехословакын талаас энэхүү дэлхийн хэмжээний Эрдэнэтийн зэс-молибдений ордод оруулсан гавъяаг Оросын талаас одоо хүртэл үгүйсгээд байгаа нь өнгөрсөн үйл явдлаа хүлээн зөвшөөрч чадахгүйд л байгаа юм. Чехийн юм уу Словакын иргэн өнөөг хүртэл Эрдэнэт үйлдвэр дээр "нон грата хүн " байгаа нь үүний баталгаа юм.
Эрхэм Моймирын ганихраад байгаа нь зүгээр л Эрдэнэтийн ГОК-д орос мэргэжилтнүүд байгаатай холбоотой огт учир шалтгаангүй эд гэж үү? Оросууд  ойн баярт (30 жилийн) зориулсан 428 хуудас товхимолдоо чехословакын  геологийн оролцооны тухайд нэг хагас бүтэн нүүр л зориулсан байх юм. 2006 онд тэр өөрөө хангалттай их материал цуглуулж өгөөд байхад шүү дээ. Тэрээр "Энэхүү нийтлэлийг бичиж байхад их гунигтай, харамсалтай санагдаж билээ. Яагаад гэхээр 1964-1968 онд анхны пионер болсон Чехословак-Монголын хамтарсан геологийн экспедицийн нөр их хөдөлмөргүйгээр өнөөгийн Эрдэнэт байхгүй байх байсан тухай эх сурвалжийг эрхэм редакторууд үл ойшоон орхигдуулсан байх юм " гэжээ. Тэр "эрхэм редакторууд " гээд байгаа нь тэнд "ажиллаж байгаа " (гэх нь зөв байх) Оросын мэргэжилтнүүд юм. Миний анд Моймир бас Зөвлөлтийн школоор явсан хүн тул одоогийн Оросын зөвлөхүүд нь тухайн үеийн зөвлөлтийн мэргэжилтнүүд шиг тусгай үүрэгтэйгээр давхар ажилладагийг мэдээж гадарлахтайгаа. Тэр нь өөрийн эх орныхоо улс төр, эдийн засгийн сонирхлыг хамгаалах, хөгжүүлэх үүрэг. Энэ үүргээ биелүүлэхэд " үүрдийн найрамдалт нөхөд " байхгүй бөгөөд тийм боломж ч үгүй. Эрдэнэт бол үүний нотолгоо юм.
Миний ярих зүйл ч бас ерөнхийдөө гэнэндүү. 2009 онд би Монголын Геологийн Яаманд хандсан бөгөөд тэгэхдээ би тэдэнд хэрэг болно, 1966 онд Овоогийн өрөмдлөгийн геологийн дээжийг яаж авч байсан тухай мэргэжлийн хүний дурсамжаар тэднийг баярлуулна гэсэн бодолтой байлаа. Тэр нь геологийн дээжийг усаар угаах аргаар хийж эвдчихгүйн тулд чухам ямар ямар алхам хийх тухай өрөмдлөгийн технологчийн хувьд тэмдэглэж байсан өдрийн тэмдэглэлээсээ авсан, агаараар хүчтэй  үлээлгэх аргын тухай байсан юм. Өрөмдөлтийн  ажиллагааг хэмнэсэн алмаазан хошуутай, илүү том диаметртай хоёр толгойтой  ... г.м.  эд л дээ. Урд жилүүдэд нь тохиромжтой  өрөмдлөгийн технологийг сонгоогүйгээс болоод сорьцын чанар муу, тийм болохоор орд ашиггүй болж гардаг байлаа. Захидлаа факттай, холбогдох зургууд хавсарган өгч билээ.
Оросоор "ни привета , ни ответа " гэдэг  шиг.  Монголоос таг чиг, хариу ирсэнгүй.  Яагаад? Таах гээд үзье л дээ. Монголын яаман дээр одоо хүртэл Оросын зөвлөх тусгай үүрэгтэй "ажилладаг " хэвээр байгаа байх. Дүгнэлт: Эрхэм Моймир оо, Монголын талаас Чехословакын иргэдийг үнэлж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж (метал, шагнал, магтаал) байсан нь сайхан, талархууштай (гэхдээ голдуу улс төрийн үнэлэмжээр гавъяаг нь үнэлж)  боловч одоогийн Чех ба Словак улсын энэхүү ордыг ашиглахад оролцож болох байсан удаан хугацааны аж ахуй, эдийн засгийн алдагдлыг нөхөхийн аргагүй. Хувийн атаархах, буруутгах сэтгэлээр ярьж байгаа юм биш шүү. Миний хувьд сайн хийж гүйцэтгэсэн ажлынхаа дараа төрдөг сэтгэгдлийн тухай яриад байна л даа. Эргээд бодоход энэхүү дэлхийн хэмжээний том ордын ашигтай гэдгийг батлахад миний хувийн оролцоо ямар чухал үүрэгтэй байсныг ядаж үгээр дурсах нь бүү хэл бүр манайхан ч өөрсдөө үнэлээгүй гэхээр харамсалтай санагддаг юм. "Цэвэр геологчдын " нүдэнд бол би геолог энэ тэр мэдэхгүй зүгээр л "өрөмдөгч " гэх байх л даа. Би чинь  Геологийн  Дээд Сургууль дүүргэсэн юм шүү дээ.  Тэр сургууль бидэнд Голланд бяслаг руу биш, эх болсон газрын хэвлий рүү "нүх " өрөмдөхийг заасан юм. Миний багш професор Воздвиженский " Шинжилгээний өрөмдлөг чинь зүгээр нэг мэргэжил биш, урлаг юм шүү, оюутнууд аа " гэдэг байж билээ. Үнэн л юм билээ.
Энэ ажлын хүрээнд 2008 онд хуучин Чехословакын Геологийн төвийг даргалж байсан Й.Правдаг Монгол улсаас шагнасныг би монголын талаас түүхийн алдааг ойлгоогүй, хоёр нүүр гаргасан л гэж харж байна. Цаг хугацааны дараа Олон улсын эрхзүйн хүрээнд яадгийг мэдэхгүй юм. Эрхэм Правда ч монголын энэхүү хуурамч авир гаргасныг ойлгоогүй байх.
" Металаар " улсын санг дүүргэхгүй шүү дээ.  Гэхдээ алдааг засаж болох юм шиг санагддаг. Жишээ нь Хэрэв Монгол улс экспортын өндөр ашигтайгаар бидний? зэс-молибдены баяжмалыг манай хоёр улс руу экспортлох санал тавибал?
Идеалист чигээрээ л дуусах юм байна даа би.                
-Владимир Миклаш, Братислава

Инженер Владо Миклашын нийтлэлд редакцийн зүгээс оруулсан нэмэлт
Доктор Э. Коминэкийн удирдлага дор Чехословакын геологчид С2 болон В ангилалын нөөцийн тооцоог гарган 4 сая тон зэсийн нөөцтэй гэж тогтоон мэдээ боловруулжээ. Зэс-молибдены нөөцийг тооцоолох машинаар хийсэн аж. Ингээд 1969 онд хоёр улсын холбогдох засгийн газрын комиссоос нийт нөөцийн хэмжээг зөвлөлдөн баталжээ. Нөөцийг тогтоох тооцоо маш сайн хийгдсэн нь дараагийн жилүүдэд 70-аад онд  зөвлөлт- монголын экспедицийнхний хэд дахин нягтлан хийсэн тооцооноос хэдхэн хувь зөрж байснаас л харагдана.
Чехословакын Сангийн Яам Геологийн Төв Институтээсээ  1969 оны сүүл гэхэд  Чехословак- Монголын геологийн 1-р  экспедицийн ажлын үр дүн болон үүнтэй холбоотой Чехословакын зээлийн асуудлыг  хэрэгжүүлэх тухай мэдээ бэлдэж өгөхийг үүрэг болгосон байна. Би энэ үүргийг гүйцэтгэхэд томилогдсон юм. Оны эцсээр энэ асуудлыг хэлэлцэхэд манай улс төр, эдийн засгийн байдал нэн ээдрээтэй, ойлгомжгүй болсон тул уг асуудлыг түр хойшлуулахыг засгийн газраас хүссэн боловч барсангүй. Миний эргэлзээд байсан зүйлс эхний удаагийн асуудал хэлцэхэд л цухалзаж эхэлсэн юм. Яагаад гэвэл Улсын Төлөвлөгөөний Комисс болон Сангийн Яамны байр суурь нь Монголын засгийн газарт Чехословакын тал нь Эрдэнэтийн овооны орд газарт алив нэг сонирхол байхгүй, түүнийг ашиглах нь манай эдийн засгийн хүчин чадлаас давсан,  тийм болохоор монголын талыг зээлээ  өргөн  хэрэглээний бараагаар төлж барагдуулах тухай мэдэгдэл хийх байсан юм. Энэ байр суурь нь засгийн газрыг тогтоол гаргахад чухал нөлөөтэй байсан бөгөөд бидний эсэргүүцлийг ердөө авч үзээгүй юм. Болох ёсгүй юм боллоо! Чехословакын засгийн газар Праг дахь Монголын элчин сайд Доржид дараахь утгатай мэдэгдэл явуулсан юм:
-Чехословакын тал Эрдэнэтийн овооны орд газрыг ашиглах эрхээс татгалзаж байна
-Монголын засгийн газрын орд газрыг хэрхэн ашиглахаа өөрсдөө шийдэж болно
-Геологийн судалгааны ажилд чехословакын зээлээр санхүүжигдэн зарцуулсан зардлыг монголын тал өргөн хэрэглээний бараа нийлүүлэлтээр  төлж барагдуулах

Элчин сайд Дорж намайг хоёр ч удаа  хувиараа дуудан уулзаж Чехословакын засгийн газрын ойлгомжгүй шийдвэрийг тайлбарлаж өгөхийг хүсч байсан юм.
Монголын засгийн газар дараа нь ЭЗХТЗ-ийн орнуудаас орд газрыг хамтран ашиглах хүсэлт тавьж байлаа. Тэдгээр улсууд дэмжихгүй байгаагаа илэрхийлж байсны шалтгаан нь мэдээж Чехословак улс яагаад энэ эрхээсээ татгалзав гэдэг нь ойлгомжтой, аливаа хүндрэлтэй асуудал гарахаас болгоомжилсон байсанд оршино гэдгийг би мэргэжилтнүүдээс нь мэдэж авсан юм.
Эцэст нь хэлэхэд Хэнтийн нуруунд ажиллаж байсан Чехословак-Монголын геологийн 2-р экспедицийнхэн бидэнд  Эрдэнэтийн овооны ордыг  ЗХУ-тай хамтран ашиглах гэж байна гэснээр бид ч энэ боломжийг  ашиглан уг ордыг ашиглахад манай улс оролцож болох талаар шийдвэр гаргуулахаар Гадаад Худалдааны Яамны сайд инженер Барчакт хандан тусламж эрсэн юм. Тэрээр аль хэдийн оройтсон. Манай дипломатуудыг унтаж байх хооронд орд газрыг хамтран ашиглах  Зөвлөлт-Монголын  улс хоорондын гэрээнд гарын үсэг зурахад хэдхэн хоног үлдээд байгаа. Гэхдээ эцсийн боломж нь Ерөнхийлөгч Г.Хусакт хүсэлт гаргаж  Ерөнхий н/б-ийн дарга Л.И.Брежнев рүү утасдуулах л арга байна гэв. Гэвч хожимдсон байлаа. Тохиролцоог өөрчлөх боломж байсангүй. Ийнхүү ЗХУ ба Монголын эрх баригчид хамтарсан үйлдвэр барих, ашиглах болон их бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурцгаасан юм.                                    
 -Инженер Моймир Краутер